ЗАВХАН: Цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна

206
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн хэсгээр цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр давж хүчтэй салхилах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тиймээс дээрх аймгуудад отроор яваа болон, хол замд яваа малчид, тээвэрчид онцгой анхаарч, шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

-Хүчтэй цасан болон шороон шуурга, цаг агаарын онц аюултай үзэгдлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Ингэхдээ цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах. 
Тэнгэрийн байдал, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх. Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох.
Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах. 

Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах. Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх. Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтдаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах. Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүхэн мэддэг байх. 
Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх. Амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах. Өндөр хүчдэл, цахилгааны шугам дор гэр, сууцаа барихгүй байхыг зөвлөж байна. Харин өрх гэртээ ундны ус, илчлэг хоол хүнс, мэдээлэл холбооны хэрэгсэл радио, гар утас, эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, гэрэлтүүлэг хэрэгсэл гар чийдэн, лаа, шүдэнз, дулаан хувцас, хөнжил, түлээ түлш, хүүхдийн тоглоом, ном, гэр, орон байрны даруулга, татлага. Олс, тод өнгийн даавуу, утаат дохио, бэлэн мөнгө, чухал бичиг баримт, газрын зураг, гэх мэт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлсүүдийг бэлтгэж бэлэн байлгах нь зүйтэй. 

-Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?
-Аюулын үед сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй. Тухайлбал гэр, орон байрнаасаа гарахгүй байх. Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах. 
Аль болох даарахгүй байх, илчлэг хоол унд хэрэглэх. Аян замд гарахаас зайлсхийх. Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх. Ойр дотныхондоо мэдээлэх. Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага болох эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаанд мэдээлэх, бусдад хүргэх хэрэгтэй. 
Түүнчлэн зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.

Мөн гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой. Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй. Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй гэж зөвлөж байна. 

Гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх, төөрч, осгохоос болгоомжлох хэрэгтэй. Мөн цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх хэрэгтэй. 

-Хүчтэй цасан болон шороон шуурганы дараа ямар арга хэмжээ авах вэ?
-Цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол сонсох. Гэр бүл, ойр дотны хүмүүс, ялангуяа хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах. Хүүхдийг аюул, ослын дараах эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг тус тус зөвлөж байна. 


Ташрамд өнгөрсөн 7 хоногт Завханы Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг Улаагчны хар нуур дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрч суусан дуудлагаар ажиллаж зорчигчдыг аварч автомашиныг татан гаргасан.
Тиймээс зарим гол, нуурын мөс хангалттай хэмжээнд зузаарч хөлдөөгүй байгаа тул иргэд та бүхэн зам товчлон мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn