Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгчээ
Тус аймгийн Цэцэн-Уул сумын байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг авчээ.
-“Байгаль хамгаалагчид биологийн төрөл зүйлийг хамгаалах биотехникийн арга хэмжээг авч 59 буга, согоонд өвс хужир тавьж өглөө. Өнгөрсөн зун манай сумын нутагт зуншлага харьцангуй сайн байсан.
Гэсэн хэдий ч цас ихтэй учраас зэрлэг ан амьтад өвсгүйн улмаас турж эцэж байна. Зэрлэг амьтад идэш тэжээлгүй болохоороо уулын бэл рүүгээ бууж байгаа нь илт байсан. Биотехникийн арга хэмжээ авсан газруудад 30-40 см зузаан цастай байна. Хэдийгээр энэ өвөл дулаахан байгаа ч үе үе цас их хэмжээгээр орж шуурч байна. Мөн отроор ирж буй малчид, малын ачааллаас болж бэлчээр нутаг хүрэлцэхгүй нь зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлдэг. Ан амьтдын тоо толгойг өсгөх үйлсэд хувь нэмрээ оруулж, өвс тэжээлийг хүргэхэд нутгийн иргэд маань хамтран сайн дураараа оролцсон байгаа. Энэхүү ажлыг зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлсэн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамт олонд талархал илэрхийлж байна” гэж Цэцэн-Уул сумын байгаль хамгаалагч У.Мира мэдээлэв.