Чацарганын боловсруулах цех ашиглалтад орсноор 10 хүн ажлын байраар хангагдлаа
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин суманд чацарганын цех ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон байна.
Тус сумын нутагт орших “Хар бут”-ны ойн хоёр га орчим газар зэрлэг чацаргана ургадаг ажээ. Байгалийн зэрлэг чацарганаа түшиглэн ийнхүү цех байгуулснаар 10 орчим хүн ажлын байраар хангагджээ. Цехийг “Хомын талын тахь” ТББ өөрийн хөрөнгөөр байгуулж чацарганыг боловсруулан гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Өнөөдрийн байдлаар тус цех өдөртөө 100 гаруй ширхэг чацарганын өтгөрүүлсэн шүүс гаргаж, мөн чацарганын тосыг үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнээ өргөжүүлэхээр чанар технологийг судлуулах зорилгоор хоёр хүнийг суралцуулж байгаа аж. Цехийнхээ гол түүхий эд болсон байгалийн зэрлэг чацарганын ойг хамгаалах, нөхөн тариалалт хийх, зохистой ашиглах зорилгоор нутгийн иргэдийн таван бүлэгт талбайг хуваарилан өгч хамгаалуулах ажлыг хийдэг тухайгаа сумын ЗДТГ-аас өглөө.