Шадар сайд Завханы Тосонцэнгэл суманд ажиллав

706


Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” хоёрдугаар сарын 17-нд Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Энэ үеэр Завхан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан танилцуулав.

Онцгой комиссын хуралд УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каври Ишикава, Завхан аймгийн Онцгой комиссын гишүүд, өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нар оролцов.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Асгат зэрэг есөн сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Цагаанчулуут, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг таван сум зудархуу байна.

Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Шуурхай бүлэг ажиллаж хэд хэдэн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Завхан аймагт 950 тонн өвсийг үнэгүй олгохоор болов

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, шуурхай бүлгээс 950 тонн өвс, 950 тонн тэжээл, Завханмандал, Ургамал, Асгат суманд түргэн тусламжийн автомашин, Онцгой байдлын газар, Тэлмэн суманд шуурхай албаны автомашинуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Монгол Улсын Шадар сайд өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тус аймагт 883 тонн өвсийг үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдруулсан үнээр олгохоор шийдвэрлэлээ.

Завхан аймгийн хувьд 24 сум 116 баг, 73 мянган хүн амтайгаас 9000 гаруй нь малчин өрх, 3,8 сая малтай. Аймгийн  нутгаар энэ оны хоёрдугаар сард их, бага хэмжээний цас нийт 12-42 удаа орсон байна. Нийт нутгаар  цасны зузаан 10-35 см, хунгарласан газартаа 40-60 см, гуу жалгандаа 70-120 см зузаан цастай. Хүйтний эрч Баянтэс суманд-48 градус болж хүйтэрсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцийн 144 тонн өвс, 123 тонн тэжээл, Улсын нөөцөөс 75 тонн тэжээлийг  малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон. Одоогийн байдлаар ихэнх сумын аюулгүйн нөөц, малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусаж байгааг аймгийн Засаг дарга илтгэлдээ онцлов.

Завхан аймаг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байгаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 100 сая төгрөгийг зарцуулжээ.

Мөн бусад аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж буй малчдыг эргэх ажлыг зохион байгуулж дөрвөн чиглэлд 200 малчин өрхийн хот айлаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn