Жижиг дунд бичил бизнесийг дэмждэг сангуудын мэдээллийг ил тод, олон сувгуудаар хүргэх нь зүйтэй
Тус аймгийн Өрнөх хөгжил ТББ-аас бизнес эрхлэгчид үр ашигтай бизнес эрхлэхийн тулд хэрхэн ажиллах талаар нь мэдлэг олгох сургалт, нөлөөллийн ажлыг хийжээ. Мөн Жижиг дунд бичил бизнес эрхлэгчид төрөөс ямар дэмжлэгийг хүсдэг талаарх судалгааг авчээ. Энэ талаарх тодруулгыг тус төрийн бус байгууллагаас тодруулав.
-Сайн байна уу? Танайхаас бизнес эрхлэгчдэд зориулж мэдлэг олгох нөлөөллийн ажлуудыг энэ жил хэдэн удаа хийв. Үр дүн гарсан уу?
-Өрнөх хөгжил ТББ нь 2021 онд Америкийн Олон Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй BEST хөтөлбөрийн тэтгэлгийн хүрээнд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл- Бизнесээ хөгжүүл” цуврал сургалтуудыг хийж байна. Энэ онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл- Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн Бизнесээ эхэл-3 буюу гурван удаагийн, Бизнесээ хөгжүүл-2 буюу хоёр удаагийн сургалтыг бизнес эрхлэгчдэд тус тус хийгээд байгаа. Эдгээр сургалтуудад 80 гаруй бизнес эрхлэгч хамрагдсан. “Бизнесээ эхэл”- сургалтаар Бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бизнес санаагаа хэрхэн олох, түүнийгээ бизнесийн үзэл баримтлал болгох техник эдийн засгийн үндэслэл /төсөл/ боловсруулах арга зүйд суралцах чиглэлээр нь зааж сургасан байна.
Ер нь бизнес эрхлэгчид үр ашигтай бизнес эрхлэхийн тулд бизнес санаандаа дүн шинжилгээ хийж өөрийн давуу болон сул талаа тодорхойлж, гадаад дотоод орчны нөлөөгөө маш сайн судлах хэрэгтэй байдаг.
Мөн үүнээс гадна гарааны хөрөнгө гэж юу болох, ямар эх үүсвэрүүдээс санхүүжих. Хуулийн ямар хэлбэрээр ажиллах, ажиллах хүч хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх.
Зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний өөрийн өртгийг тооцох арга аргачлалд бизнесмен хүн заавал суралцах хэрэгтэй байдаг. Тиймээс дээрх сэдвүүдээр бизнес эрхлэгчдэд чадавх олгох, нөлөөллийн ажлуудыг хийсэн юм. Мөн сургалтаар бизнес эрхлэгч хүн санхүүгийн бүртгэлээ хэрхэн хөтлөх, үр ашгаа тооцон бэлэн мөнгөний урсгал, санхүүгийн төлөвлөлтөө хэрхэн хийх мэдлэгийг олгосон байгаа.
-Тэгвэл “Бизнесээ хөгжүүл” сургалтаар бизнес эрхлэгчдэд ямар мэдлэг олгов?
-“Бизнесээ хөгжүүл” сургалтаар долоон төрлийн төлөвлөлтийг хийх чадварыг эзэмшүүлсэн. Тухайлбал, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, бараа материалын худалдан авалт нөөцийн төлөвлөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний өөрийн өртөг тооцох, санхүүгийн бүртгэл, санхүүгийн төлөвлөлт, хүний нөөц бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг мэдлэгийг олгоод буй.
-Мэдээж суралцагч нарт гарын авлага тараах материалыг олгосон байх?
-Суралцагч нарт техник эдийн засгийн үндэслэл, бүхий Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан бизнесээ эхэл нэртэй гарын авлагуудыг нэгтгэж тарааж өгсөн байгаа. Мөн амжилттай суралцсан төгсөгч нарт БАТЛАМЖЛАХ ГЭРЧИЛГЭЭ олгодог.
-Манай аймагт “Завхандаа үйлдвэрлэж-Завханчууд хэрэглэж хэвшицгээе” “Сайн бизнесмен” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Жижиг дунд бичил бизнес хир хөгжиж байна вэ?
-Завхан аймагт жижиг дунд болон бичил бизнесийг дэмжих, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн хөтөлбөр төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Европын холбоо, Дэлхийн зөнгийн хамтарсан санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл 2019-2021 онд хэрэгжиж иргэдийн бүлгүүдийг байгуулсан.
Мөн эдгээр бүлгүүдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн. Аймгийн 12 суманд олон бүлгүүд үүсэж үр бүтээлтэй ажиллаж байгаа.
Харин нөгөө нэг хөтөлбөр нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөр 2019-2024 онд Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр зарлан банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлж, чадавхжуулах сургалтуудыг хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Менежмент хийж чадахгүй бол мөнгө бол хөрөнгө биш, бизнес эрхлэгч нийгмийн зүтгэлтэн болох ёстой гэдэг үүднээс жижиг дунд бизнес эрхлэгчид илүү чадавхжиж ажиллах хэрэгцээ шаардлага байна.
Тиймээс BEST хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан COVID-19 “Түншлэлийн хүрээнд жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих нь 2021” Форумын илтгэлд Жижиг дунд бизнесийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудын нэг нь иргэдийн бизнесийн мэдлэг сул. Хөдөө орон нутагт мэдээллийн урсгал муу, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сул, орлогынхоо 4.4 хувийг авлигад зарцуулдаг. Жижиг дунд бизнест засаглал хөгжөөгүй, бичил, жижиг бизнесүүд санхүүжилт авч чаддаггүй шалтгаан нь зах зээлийн нөхцөл хангаж чаддаггүйтэй холбоотой байна гэж дурдагдсан байгаа юм.
-Танайхаас нөлөөллийн ажил хийж бизнес эрхлэгчдээс судалгаа авсан гэсэн. Ер нь жижиг дунд бичил бизнес эрхлэгчид төрөөс ямар дэмжлэгийг хүсдэг юм бэ?
-BEST хөтөлбөрийн тэтгэлгийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Жижиг дунд бизнес эрхлэгч 105 хүнээс авсан судалгаагаар бизнес эрхлэх гарааны хөрөнгийн эх үүсвэрийн 67.7 хувь нь өөрийн хөрөнгөөр, 25.7 хувь банк санхүүгийн зээлээр, 8.6 хувь жижиг дунд, бичил бизнес дэмжиж байгаа Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр бизнесээ эхэлсэн байгаа юм. Мөн жижиг дунд бизнесийг дэмждэг сангуудын мэдээллийг 55.2 хувь нь мэдээлэл ил тод биш, 35.4 хувь нь мэдэхгүй, 11.4 хувь ил тод гэж хариулсан байна. Мэдээлэл авсан иргэдийн 33.3 хувь нь мэдээллийг найз нөхдөөсөө, 28.5 хувь нь төрийн албан хаагчаас, 25.7 хувь фейсбүүкээс 1.8 хувь нь байгууллагын сайтаас мэдээлэл авсан нь иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байгааг харуулж байна.
Судалгааны дүнд төрийн байгууллагын мэдээллээ олон нийтэд хүргэх арга хэрэгсэл хангалтгүй байгаад иргэд сэтгэл хангалуун бус байна. Өрхийн болон бичил бизнес эрхэлж байгаа иргэд төсөл боловсруулах, бизнесийн зөвлөгөө авахыг хүсэж байгаа бол судалгаанд хамрагдсан иргэдийн 77.2 хувь нь бизнесийн чиглэлийн сургалтад огт хамрагдаагүй байна.
Тиймээс бизнес эрхлэгчдийг төслөө өөрөө бичиж, бизнес санаагаа хөгжүүлэх. Жижиг дунд бичил бизнесийг дэмждэг сангуудын мэдээллийг ил тод, олон сувгуудаар хүргэхийг төр засаг, төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас хүсэж байна.
Мөн энэ ташрамд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ- БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийн сургалтад хамрагдаж бизнесийн ур чадвараа нэмэгдүүлж, орлого ашгаа өсгөж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг нийт аймгийнхаа бизнес эрхлэгчдээс хүсэж байна.