Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгожээ

390


Тус аймаг ковидын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарын ажилчдад 37.0 сая төгрөгийн урамшуулал олгоод байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Түүнчлэн коронавирусний халдварын тархалтыг хумих, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийгээд буй. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангаас 232.5 сая, аймгийн Засаг даргын нөөц сангаас 368.3 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, аймгийн Нэгдсэн эмнэлэгт унтуулгын аппаратыг шийдвэрлэжээ. Түүнчлэн Зоонозын өвчин судлалын төвд аюултай хог хаягдал зөөвөрлөх автомашин, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт  түргэн тусламжийн автомашинуудыг олгосон. Эрүүл мэндийн салбарт нэн чухал шаардлагатай байгаа 50 нэр төрлийн тоног төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн сангийн 270.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олгожээ.

Хавдрын эрт илрүүлэг 30.5 хувьтай байна
Завхан аймагт өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн 98 байгууллагад 1136 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллаж байна.
Эдгээр эмч, сувилагч, ажилчдын 90 гаруй хувь нь халдварын улаан бүсэд ээлжээр ажиллаж буй. Түүнчлэн коронавирусний халдварын тархалтыг бууруулахаас гадна эрүүл мэндийн бусад үйлчилгээг амбулаториор хүлээн авч эмчилж байна.
10 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 16.1 промиль, артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь 41.6 хувь, чихрийн шижин өвчний үеийн эрт илрүүлгийн хамралтын хувь 53.7 хувь, хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь 30.5 хувьтай байна.
Ташрамд Завхан аймгийн 24 сумаар эмч нарын баг халдварт бус өвчний эрт илрүүлэг, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, лабораторийн шинжилгээг явуулж байгаа аж.

Архаг суурь өвчтэй 5600 гаруй иргэн байна
Завхан аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай нь батлагдсан 10023 тохиолдол байна.
Үүнээс 8850 иргэн эмчлүүлж эдгэрсэн, 18 иргэн нас барсан байна. Эмнэлэгт эмчлүүлж буй нийт 1456 иргэнээс хөнгөн 1436, хүндэвтэр 15, хүнд 3, маш хүнд хоёр иргэн байгаа. Коронавирусний халдвараар өвчлөх, өвчилсөн тохиолдолд эрсдэл өндөр хүн амын судалгааг эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд оношлуулсан, бүртгэлтэй 639 хавдартай иргэн байна. Мөн архаг суурь өвчтэй 5644 иргэн, 6875 ахмад настан, 794 жирэмсэн эх, 3696 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Халдварын тархалт бага зэрэг буурсан. Гэсэн хэдий ч иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг байнга зүүх шаардлагатай. Ялангуяа эрсдэлт бүлгийн дээрх иргэд дархлаагаа дэмжих, аль болох олон нийтийн газраар онцын шаардлагагүй бол явахгүй байх. Коронавирусний халдвар авсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn