Хамтарсан багт хүүхэд хамгааллын талаар зөвлөн туслах ажлыг 24 суманд хийж байна
Тус аймгийн Засаг даргын А/144 захирамжийн дагуу хамтарсан багт хүүхэд хамгааллын талаар зөвлөн туслах ажлыг аймгийн 24 суманд зохион байгуулж байна. Хүүхэд, гэр бүлийн өмнө хуулиар үүрэг хүлээсэн, анхан шатанд ажиллаж буй салбар зөвлөлүүд, хамтарсан багийн үйлчилгээ, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх. Зөвлөн туслах, хяналт, үнэлгээ хийх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлж байна. Аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, аймгийн БСУГ, Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн комиссын Завхан аймаг дахь зохицуулагч нарын баг хамтран сумдад ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 30 гаруй хамтарсан баг ажиллаж хүүхэд хамгааллын ажлыг явуулж буй.
Эдгээр хүүхэд хамгааллын хамтарсан багууд нь гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох. Хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 3200 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд хамтарсан багууд нөлөөллийн үйл ажиллагаа, хамгааллын тусламжийг үзүүлжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 59 удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нэмж мэдээлэв.