Их-Уул суманд хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо

58

Их-Уул суманд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Тус барилгын ажлыг "РСТ" ХХК улсын төсвийн 4 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна. Барилга угсралтын ажил өнгөрсөн аравдугаар сарын 19-нд дуусаж, аравдугаар сарын 30-нд улсын комисс хүлээн авчээ.

Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль 800 хүүхдийн багтаамжтай гурван хичээлийн байртай. Үүний хоёр барилга нь 1973 онд ашиглалтад орсон. Харин 320 хүүхдийн хичээлийн байр нь 2010 онд ашиглалтад оржээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж өдгөө 1320 хүүхэд гурван хичээлийн байранд хичээллэж байна. Сургуулийн хуучин барилгууд нь хүүхэд сурч хүмүүжихэд тохь тух муутайгаас гадна стандарт зай талбай бага байжээ. Тэгвэл сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор сургуулийн багтаамж нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжирлаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Шинэ хичээлийн байр хүүхдүүдийн сурах орчныг хангалаа

Завхан аймагтаа хамгийн их суралцагчтай Их-Уул сумын сургуулийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтай байтал нэг хичээлийн жилд дунджаар 93 хүүхэд бүртгүүлж, ид ачааллын үед 100 гаруй хүүхэд амьдардаг байна.

2017 онд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 31 объектод Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт хийхэд “ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй компаниудад өндөр шаардлага тавьж ажилладаг. Мөн боловсрол, соёлын салбарт шинээр барьж буй барилгын чанаруудад манай байгууллагаас маш их анхаарч байгаа. Завханд ерөнхий боловсролын 29 сургууль 1962-2019 онд баригдсан 53 хичээлийн байрт үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл нийт ерөнхий боловсролын сургуулийн 84.9 хувь нь 20-81 жил болсон насжилт өндөртэй барилга байна. Их-Уул сумын хувьд хуучин байрууддаа хоёр ээлжээр хичээллэж, хичээлээс гадуурх сонгон, багш нарын гүнзгийрүүлсэн сургалтууд явуулахад хүндрэлтэй байсан. Тэгвэл хичээлийн шинэ барилга ашиглалтад орсноор сургуулийн хүүхдүүдийн сурах орчныг хангасан томоохон бүтээн байгуулалт боллоо гэж аймгийн БСУГ-аас нэмж дуулгалаа.

Сумын иргэд соёлын үйлчилгээг нэг дороос авч байна

Энэ жил Их-Уул суманд боловсрол, соёлын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Учир нь тус суманд 300 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орсон.

Сумын соёлын төв 1968 онд байгуулагдсан бөгөөд 1973 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь ашиглалтад оржээ. Түүнээс хойш урсгал засвар хийхээс бус томоохон их засварт ороогүй байна. Зай талбай багатай, галлагаатай байранд 46 жилсоёл, хүмүүжлийн үйл ажиллагаагявуулжээ. Харин улсын төсвийн 1887,87 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Соёлын төвийн шинэ барилгатай болсноор ашиглалтын талбай нь хуучнаасаа хоёр дахин нэмэгдсэн төдийгүй дуу чимээ тусгаарлалтсайтай, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан барилгатай болоод буй юм. ӨнөөдөрСоёлын төвийн байранд сумын музей, номын сан хамт байрлаж үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байгаа.Ингэснээр хөдөөгийн сумын иргэдэд соёлын үйлчилгээг нэг дороос, чанартай, хүртээмжтэй хүртэх боломж бүрдсэн тухай сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.  


 

Ташрамд тус сумын Соёлын төв нь жилдээ 30 гаруй тоглолт, үзвэрийг давхардсан тоогоор 6800 гаруй үзэгчдэд хүргэдэг ажээ. Мөн сумынхаа ховор нандин үзмэр, түүхийн олдвор бүхий музейн танхим, 5500 гаруй номын фондтой номын сангаар дамжуулан иргэддээ соёлын үйлчилгээг үзүүлж байна. 

Эрүүл мэндийн төв нээлттэй хаалганы өдрийг хэвшил болгожээ

Их-Уул нь аймагтаа хамгийн олон хүн амтай, томоохон сумдын нэг юм. Тиймээс сумын Эрүүл мэндийн төвөөс жилд хоёр удаа иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг байна.


 


Энэ үеэрээ иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор, ямар нэгэн дараалалгүйгээр үзүүлдэг ажээ. Өнөөдрийн байдлаар тус Эрүүл мэндийн төв хоёр удаагийн нээлттэй өдөрлөгөөр нийт 4830 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор үзүүлжээ. Энэ өдрөөр эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд долоон өртөөнд хуваагдан ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, зарим тохиолдолд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийдэг. Тухайлбал биеийн жин, өндөр үзэж тодорхойлох, артерийн даралт үзэж зөвлөгөө өгөх, халдварт бус өвчний илрүүлэг цусанд сахар үзэх, В,С вирусийн шинжилгээ авах, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн 30-60 насны зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийн судалгаа авах, ундны усны савны хэрэглээ, гар угаах дадлын судалгаа гэхчлэн тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлжээ. Мөн үеэр ус ба эрүүл мэнд, гараа зөв угаах ба зөв зохистой хооллоё, эмэгтэйчүүд ба эрүүл мэнд сэдвээр иргэдэд зөвлөгөө өгч, гарын авлагуудыг иргэн бүрд тарааж өгч байна. Иргэн бүрд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, цагаан хоолны амталгаат үзэсгэлэнг 24 нэр төрлөөр хийж мацаг барих, цагаан хоолны ач тус, давсны хэрэглээг бууруулах зэрэг эерэг зөв дадал, зөвлөгөөг өгөхөөс гадна "COVID-19" халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг байнга өгч байна гэж сумын ЗДТГ-аас нэмж дуулгав. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn