Сум хөгжүүлэх сангийн үр өгөөж шинэ үйлдвэрүүдийг бий болгож байна

587


Завхан аймаг "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих" зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Завханы сум бүр сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж хэрэгцээтэй хүнд нь хөнгөлөлттэй зээлийг тус сангаас олгосноор сум бүрд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна. Иргэд сум бүрдээ жижиг үйлдвэрлэл явуулж ажилгүй залуучуудыг байнгын ажлын байраар хангаж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон сайн мэдээг хүргэж байна. 

Цагаанчулуут сумын иргэн хөнгөн блок үйлдвэрлэж хөрш зэргэлдээ сумд болон Говь-Алтай аймаг руу нийлүүлж байна.

Иргэн Ч.Баярмагнай нь сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн дэмжлэг авч хөнгөн блокийн үйлдвэрлэлээ 2019 онд эхлүүлжээ. Сумынхаа ажилгүй таван иргэнийг байнгын ажлын байртай болгосон төдийгүй өөрийн гэсэн хэрэглэгчтэй болжээ. Тус үйлдвэр дөрөвдүгээр сарын 15-наас ажлаа эхлүүлж есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэлээ явуулдаг улирлын онцлогтой. Чанар, стандартын тохирлын гэрчилгээ бүхий блокийг 60х40х24-ийн хэмжээтэйгээр өдөртөө таван кубметрийг үйлдвэрлэдэг байна.

Эдний хөнгөн блокийг амины байшин, гарааш барихад мөн орон сууцны барилгын дүүргэлтэд ашигладаг ажээ. Өнөөдрийн байдлаар манайх сумандаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар бие оролцож хөрш зэргэлдээ сумдаас гадна Говь-Алтай аймаг руу хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж байна.

2019 онд 3000 гаруй хөнгөн блокийг стандартын дагуу үйлдвэрлэж гаргаад байгаа. Ер нь орон нутагт үйлдвэрлэж буй блок нь үнэ хямд, эвдрэл багатай, хугацаа алдахгүйгээр тээврийн зардал багатайгаар хэрэглэгчдэд хүрч буй нь давуу талтай юм. Манай зэргэлдээ сумд Улаанбаатар хотоос хөнгөн блокийг авч хэрэглэдэг байсан нь ч бага болжээ. Цаашид бид блокийнхоо чанарт илүү анхаарч хэрэглэгчдэд илүү чанартай, бат бөх бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа талаарх мэдээллийг тус үйлдвэрээс өглөө.


Сум хөгжүүлэх сан сум бүрд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа

Цагаанчулуут сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2018 онд 31 сая төгрөг байсан бол 2019 онд 73 сая төгрөг болж өссөн байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу иргэдийнхээ саналыг авч эрэмбэлэн хамгийн олон саналтай ажлууддаа зарцуулдаг. Харин сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олгож байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохион байгуулсан Завхан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулганаас мах, сүүний чиглэлийн жижиг үйлдвэр байгуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр, судалгаа, төлөвлөгөөний шатандаа явж байна. Сум хөгжүүлэх сангаас зээл авч сумандаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн хувьд ажлын байр нэмэх, орлоготой болох, сумын нэрийн бүтээгдэхүүний тоог нэмэх гээд олон давуу тал ажиглагдаж байгаа.

Ер нь тус сангийн зээл нь арилжааны банкаар дамжихгүй, орон нутаг өөрөө бие дааж шийдвэрлэдэг, сумын засаг дарга шууд гэрээ байгуулан олгодог, сум хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлдэг, барьцаа хөрөнгийн баталгааг арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийх боломжтой. Улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй учир байнга сумын хөгжилд тасралтгүй эргэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг онцлогтой хэмээн Цагаанчулуут сумын ЗДТГ-аас нэмж мэдээллээ.


Завханы Отгон сумын Хужирт багийн иргэн Б.Лхагвасүрэн: 

Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг жил бүр нэмж байна

-Өнгөрсөн жилээс таны бизнес хэр өргөжив? Нэмж хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Би 2013 оноос тасралтгүй зургаа дахь жилдээ цэвэр модон тавилгын цех ажиллуулж гурван хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.

Энэ жил нэмж хоёр хүнийг сургаж ажлын байраар хангасан. Бизнес маань жил бүр өргөжиж захиалагчдын тоо нэмэгдэж буй. Аймгийн төв болон зэргэлдээ сумд, Улаанбаатар хотоос захиалга огт тасрахгүй байгаа. Зарим тохиолдолд захиалгаа дуусгах гэж тав, зургуулаа шахуу ажиллаад гүйцэхгүй л байна. Ер нь сүүлийн хэдэн жил манай хөдөөнийхөн худалдааны хятад тавилга авахаасаа илүү цэвэр модон тавилгыг илүүд үздэг болсон нь ажиглагдаж байна. Жилийн 6-9 дүгээр сард захиалга эрс ихэсдэг. Учир нь шинэ гэр бүл болох гэж байгаа айлууд тавилгын захиалга  өгдөг болсон. Мөн сум, байгууллагын ойд жижиг модон бэлэг дурсгалын захиалга авч үйлдвэрлэдэг. Бидний зорилго цэвэр модоор, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

-Ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг нь төлдөг үү?

-2018 онд нэг жижиг байрыг тохижуулж өөрийн гэсэн байртай болсон. Дэвшилтэт суурин тоног төхөөрөмжийг сүүлийн хоёр жил бага багаар авч байна. Отгон суманд мужааны мэргэжлээр төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан байхгүй. Харин 2018 оноос аймгийн МСҮТ-ийг төгссөн залуучуудыг ажлын байраар хангаж хамтран ажиллаж эхэлсэн. Тиймээс энэ чиглэлээр суралцаж төгсөөд сум орон нутагтаа ажиллах хүсэлтэй залуусыг нэмж ажлын байраар хангах бидний зорилт хэвээрээ. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байгаа. Ер нь урамшууллаар цалинжуулдаг. Ажлын бүтээмжээр нь гэсэн үг. Ойролцоогоор 450-500 орчим мянган төгрөгөөр цалинжиж байгаа. Харин захиалга, бүтээгдэхүүний тоогоор урамшууллыг ажилчид маань нэмж авч байгаа.

-Танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, түүхий эдийг хаанаас авч байна?

-Өнгөрсөн жил 10 орчим төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Харин энэ жил ажилчдын тоо нэмэгдэж бүтээгдэхүүний нэр төрөл таваар нэмэгдсэн. Учир нь шинээр сургууль төгсөж ирсэн залуучуудын санаачилгаар үзгийн сав, хишгийн авдар, жааз гэхчлэн бэлэг дурсгалын модон эдлэлийг шинээр захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. Ер нь монгол гэрт хэрэгтэй модон бүхий л тавилгыг захиалгаар хийдэг. Монгол гэр гэлтгүй иргэдийн захиалсан болгоныг хийдэг. Бүтээгдэхүүнээ хуш, нарс модоор үйлдвэрлэдэг. Учир нь модны чанар сайн, хөнгөн байдаг болохоор тэр. Дан модон тавилга гэхээсээ илүү тавилгаа сийлбэртэй хийж байгаа. Би өөрөө удам дамжсан гарын ур дүйтэй. Бас сийлбэр хийдэг. Тиймээс ихэнх тавилгаа өөрийн гараар сийлж чимэглэхээс гадна өнгө, будаг хээ хуарыг нь ч гэсэн захиалгын дагуу хээлж өгдөг. Тавилгыг гэртээ бэлэн тавихаар болгоод л өгдөг. Модоо Өвөрхангай болон Тосонцэнгэл сумаас авдаг. Үнэ нь гайгүй. Харин сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнээр түүхий эдийг татах тээврийн зардал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад зарим модон тавилгын үнэ өөрчлөгдөж бага зэрэг нэмсэн байгаа.

-Ойролцоогоор нэг тавилгыг хэчнээн төгрөгөөр үйлдвэрлэдэг вэ? Зах зээлд борлуулж байгаа тавилгуудаас үнэ нь хямд байж чаддаг уу?

-Тухайн бүтээгдэхүүний орц, түүхий эдийн зардлаас хамаарч үнэ нь өөр өөр. Худалдаанд борлуулж байгаа тавилгаас өнгө дизайны хувьд ялгарахгүй, чанар маш сайн, орон нутагт боломжийн үнээр борлуулж байгаа. Ихэвчлэн захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас борлуулагдахгүй байх вий гэж санаа зовохгүй. Бүтээгдэхүүн бүр эзэнтэй байдаг. Дунджаар 70-350 мянган төгрөгийн хооронд л бүтээгдэхүүнээ үнэлж байгаа. Томоохон тавилга өргөн ор, хувцасны шүүгээ, ширээ, мөлхөө тавилга гээд нэг гэрийн бүрэн тавилга 2.5 сая-аас дээш үнэлгээтэй. Мөн энэ жилээс шинээр үйлдвэрлэж эхэлсэн хишгийн авдар гэхэд 20-25 мянган төгрөгийн үнэтэй.

Харин үзгийн сав, нэрийн хуудасны сав зэрэг модон эдлэлийг 20-30 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ нь будгаар чимэглэсэн үү эсвэл сийлбэртэйгээс шалтгаалаад өөр өөр үнэтэй гарч байгаа.


Завханы Шилүүстэй сумын иргэн Н.Мөнхтөр:

Мэргэжилгүй ч гэлээ гарын ур дүйгээрээ үйлдвэрлэлээ явуулдаг

-Сайн байна уу? Таныг сумандаа өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтан, даацын блок үйлдвэрлэж зэргэлдээ сумдынхаа хэрэгцээг хангадаг гэж дууллаа. Үйлдвэрлэл хэр байна вэ? Борлуулалт захиалга хэр зэрэг байдаг вэ?
-Би сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Анх 2013 оноос хойш явган хүний замын хавтан, бродюр, блок, тоосгоны үйлдвэрлэл явуулж дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна. Борлуулалт захиалга их сайн байдаг. Манай сум болон хөрш зэргэлдээ сумдаас захиалга их ирдэг. Хавар, зун, намартаа захиалгынхаа тоосгыг үйлдвэрлэдэг. Иргэд, байгууллагууд, бас сумд барилга барьж байгаа барилгын компаниуд тоосгоны захиалга өгдөг. Сүүлийн үед сумын төвийн айлууд болон малчид хөдөө зуслан, өвөлжөөн дээрээ байшин барих зорилгоор худалдан авалт сайн байгаа. Ер нь захиалга сайн, борлуулалт ч сайн байдаг юм. Манай сумаас орон нутгийн удирдлагууд ч дэмжиж ажилладаг. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа байшин барилга, зам, гүүрний ажилд манай үйлдвэрийн тоосго, блок, замын өнгөт хавтанг хэрэглэдэг болсон.
-Та бас сумандаа гагнуур хийж төмрөөр үйлдвэрлэл явуулдаг гэсэн?
-Тийм ээ, төмрөөр бас үйлдвэрлэл явуулж байгаа. Төмөр хайс, хашаа, айл, албан байгууллагуудын хаалга зэргийг төмрөөр хямд өртгөөр гагнаж хийдэг. Энэ маань ч захиалга тасардаггүй юм. 2017 онд тоосго, блок, төмрийн үйлдвэрлэл дээрээ сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Зээлийнхээ эргэн төлөлтийг гурван сарын дотор төлөөд дууссан. Жил бүр тооцоолж байгаад хэрэгцээтэй зээлээ авч үйлдвэрлэлээ таслахгүйг хичээдэг.Өнөөдрийн байдлаар 7-8 хүнийг ажлын байраар хангаж байна.
-Танай бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнээс чанар, үнийн хувьд хэр зэрэг вэ?
-Манайх орон нутгаасаа тээврийн зардал шингээхгүйгээр материалаа авчихдаг болохоор зах зээлийн ханшаас хямд өртгөөр үйлдвэрлэдэг. Харин төмөр хайс хашаа, хаалгыг материалынхаа авсан үнээс шалтгаалаад харилцан адилгүй үнээр гаргадаг. Гэхдээ л орон нутагтаа хямд өртгөөр борлуулахыг хичээдэг. Ер нь захиалагч, хэрэглэгч байнгын байдаг болохоор борлуулалт тал дээр санаа зовдоггүй. Харин чанар, стандарт тал дээрээ их анхаарч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажилладаг. Миний хувьд эзэмшсэн мэргэжилгүй, гэхдээ гарын ур дүйтэй л хүн.
-Сум хөгжүүлэх сангийн зээлийн үр ашгийг олон жил хүртжээ. Энэ сангийн хөрөнгө оруулалт, зээл байх хэрэгтэй юу таны бодол?
-Ер нь сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бол маш үр дүнтэй хөрөнгө оруулалт юм. Яг хэрэгтэй юм хийе гэсэн хүндээ энэ сангийн зээл хүрч чадвал үр дүн гардаг. Олон хүн ч байнгын ажлын байртай орлоготой болж байна шүү дээ. Миний хувьд энэ сангаас зээл авснаар өөрийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй сумынхаа гарын ур дүйтэй ч тогтсон ажилгүй залуучуудыг байнгын ажлын байраар хангаад байна. Мөн өөрийн жаахан үйлдвэрлэлээ бага багаар өргөжүүлээд явж байна. Энэ бол улсаас өгч буй том боломж юм шүү дээ. Ер нь гар хөдөлбөл ам тосдоно гэдэг. Тиймээс манай залуучууд зээл авсан бол үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Зарим иргэн зээл авчихаад ямар ч үр дүнгүй хоосон цацаад өнгөрч байгаа нь харамсалтай санагддаг. Бас зээл авчихаад эргэн төлөлтөө ч хийдэггүй иргэд байдаг гэсэн. Ер нь сум орон нутгаас юм хийе бүтээе гэсэн үйлдвэрлэгчдээ маш сайн дэмжиж байгаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn