Гэртээ ном уншъя аяныг зарлажээ

880
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Идэр сумын нийтийн номын сангаас коронавирусний халдвар, хорио цээрийн үеэр сумын иргэдийнхээ дунд “Ном эрдэм” аяны хүрээнд гэртээ ном уншъя уралдааныг зарлажээ.
Иргэд, ялангуяа сургуулийн сурагчдын дунд гэрээр нь очиж явуулын номын үйлчилгээг үзүүлэх зорилгоор нэг сарын аяныг зарлажээ. Иргэдийг цахим хэрэглээнээс татгалзах, эрүүл мэнддээ ашигтайгаар оюуны хэрэглээгээ хангахыг уриалж тэднийг заавал номын санд ирэхгүйгээр хүссэн номоо захиалж хүргүүлж авах боломжийг энэ аянаар олгожээ. Аянаар хамгийн олон ном унших, хүүхдүүдийн дунд уншсан номын утга агуулгаар тэмдэглэл хөтлөхийг санал болгож эхний гурван байрыг шалгаруулан мөнгөн шагналаар шагнах ажээ.
Хөдөөгийн багийн малчдадаа явуулын
номын сангаар үйлчилдэг
Идэр сумын Соёлын төвийн дэргэдэх Нийтийн номын сан 5500 гаруй номын фондтой уншигчийн танхим болон явуулын номын сангийн үйлчилгээг үзүүлдэг.
Өнөөдрийн байдлаар 1960 гаруй иргэн уншигчийн картаар дамжуулан үйлчилгээ авдаг. Өдөртөө 60 гаруй иргэнд уран зохиолын болон, түүхийн, шинжлэх ухааны холбогдолтой номоор үйлчилдэг байна. Манай номын сан нь олон нийтийн дунд 100 гаруй үйл ажиллагааг явуулдаг. Ер нь юм уншдаг хүмүүс л урт насалдаг гэдэг шүү дээ. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдаж байгаа мэдээлэл байна шүү дээ. Мөн ном унших нь хамгийн сайн стресс тайлагч ч гэж ярьдаг. Тиймээс хорио цээр тогтоосон энэ үед хүүхэд залуучууд, иргэд маань цахим орчноос элдэв стресстэй мэдээлэл авч байхаар ном уншихыг илүүд үзэхийг манай номын сангаас зөвлөж байгаа юм. Манайх зөвхөн сумын төвдөө үйлчилгээ үзүүлээд байдаггүй. Өнгөрсөн оны 12, энэ оны нэгдүгээр сарын хооронд сумынхаа таван багийн нутгаар бүтэн тойрч малчин иргэддээ явуулын номын сангийн үйлчилгээгээ хүргэсэн. Малчид зохиолын болон шинжлэх ухааны, танин мэдэхүйн ном зохиолыг ихэвчлэн авч уншдаг. Өнөөдөр номын сангийн маань алтан фондод дэлхийн сонгодог зохиолуудаас гадна нутаг орныхоо үүх түүх үзэсгэлэнт газар нутгийг танилцуулсан өнгөт сэтгүүл, тус сумаас төрөн гарсан хутагтуудын тухай сонирхолтой үүх түүхтэй судар номууд хадгалагдаж байна хэмээн Идэр сумын нийтийн номын сангийн номын санч М.Баярмаа мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn