ЗАВХАН: Бий биелгээг сурталчилснаараа хамгаалж чадна

334


Тус аймагт баруун таван аймгийн монгол бий биелгээний сургалт болж өнгөрлөө. Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн бүжигчид болон бүжгийн спортоор хичээллэдэг 70 гаруй иргэн оролцжээ. Улиастайд хоёр өдрийн турш болсон монгол бий биелгээний сургалтыг СУИС- ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжиг дэглээч, судлаач, доктор М.Мөнгөнцэцэг удирдан явуулжээ. Сургалтыг тус аймаг хоёр дахь удаагаа явуулж байгаа бөгөөд сургалтыг Амка Dance cургалтын төвийн бүжгийн багш Э.Амаржаргал санаачлан аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулжээ.

Энэ удаагийн сургалтаар монгол бий биелгээний түүх, онцлог, бий биелгээний төрлүүдийн талаарх онолын мэдээлэл өгөхөөс гадна бий биелгээний бүжгийн сургалтыг мэргэжлийн багш биечлэн зааснаараа онцлог боллоо. Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм.Төв Халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин, торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлдаг. Бий биелгээ бол баруун монгол ардын бүжиг юм. Биеэр илэрхийлэх гэсэн үгнээс гаралтай бүжгийн нэг төрөл. Бийг икэл хөгжмийн татлага /ая/ удирдан хөтөлдөг. Бийгийн елхэндэг, жороо морины явдал, цацал, мөргүүл, дөрвөн ойрадын уриа, их татлага, журай гэлдэн гэх мэт 10 шахам икэлийн татлагад ганцаарчилсан ба нийтээрээ биелэх хэлбэрүүд байдаг. Тиймээс монгол ардын бий биелгээгээр дамжуулан олон нийтийг эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч, соёлын өвөөсөө судлан, суралцах боломжийг бид олгохыг байнга зорьж байна. Монгол бий биелгээ бол соёл, урлагийн гайхамшигт өв сан юм.Энэхүү өвийг хүүхэд залуучууд, ялангуяа бүжгийн урлагийг сонирхон суралцдаг иргэдэд сурталчлах нь чухал юм. Сурталчилснаараа хамгаалж чадна. Өвлүүлж чадах юм. Соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг аймгаас бодлогоор дэмжиж, байнга хамтран ажиллаж буйд талархаж байна гэжАмка Dance cургалтын төвийн бүжгийн багш Э.Амаржаргал мэдээлэв.

Ташрамд бүжигчин Э.Амаржаргал нь Дэлхийн ардын бүжгийн XII уралдаанаас хоёрдугаар байр буюу мөнгөн дипломыг гардан авчээ. Тэрээр “Бугуйлт биелгээ” бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн “Бугуйлт биелгээ” бүжгээр мөнгөн дипломыг хүртсэн байна. Эх орныхоо нэрийг хэдэнтээ гаргасан тэрээр олон улсын тэмцээнээс ийнхүү зургаа дахь шагналаа хүртээд буй юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn