Завхан аймаг 13 жилийн дараа улсын аварга малчинтай боллоо
Тус сумын Засаг дарга мөрийн хөтөлбөртөө малын удам угсааг сайжруулах талаар тодорхой зорилт тусган хэрэгжүүлэн ажилласнаар малын чанар сайжирч байна. Жил бүр малын үзлэг ангилалт, удам зүй, оношилгоонд анхаарч нэг жилд 150 орчим хээлтүүлэгчийг шилж сонгон тавьжээ. Ингэснээр малын үүлдэр угсаа, чанар нь сайжирсан байна.
Малчдынхаа саналаар бэлчээрийн талбайг өнжөөх, ашиглах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарган хэрэгжүүлж ажилласнаар бэлчээрийн талхагдал бага байгаа аж. 2017 оноос хойш жил бүр, бэлчээрийн талбайн үлийн цагаан оготнын устгалыг хийж байгаа. Жилд 10-12 га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ. Харин ирэх сарын 1,2-ны өдрүүдэд оготно устгах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах гэж байна. Мөн өнгөрсөн жил сумын малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж мал аж ахуйн үйлдвэрлэлээ хэрхэн, яаж хөгжүүлэх талаарх зорилтыг малчидтайгаа хамтран боловсруулжээ. Үүний үр дүнд мал аж ахуйн салбарт жил бүр өсөлт гарч, малын чанар сайжирснаар малчдын орлого ч нэмэгдээд байна.
Учир нь малын чанар сайжирснаар мал, махны борлуулалт өнгөрсөн өвөл өндөр байлаа. Энэ жил гэхэд 13 жилийн дараа улсын аварга малчинтай боллоо. Өнгөрсөн өвөл цагаан зудтай өвөлжиж хаваржилт хүндрэлтэй болсон хэдий ч малчид бэлтгэлээ сайн базаасны хүчинд хорогдол бага давлаа. Сумын аюулгүйн нөөцөөс 50 гаруй тонн өвс, 25 тонн тэжээлийг цаг зүдүү үед хөнгөлөлттэй үнээр малчдадаа тараасан. Харин аймгийн аюулгүйн нөөцөөс Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 30 тонн өвсийг үнэгүйгээр, 30 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Хаваржилт малын хорогдол бага хаврын адаг сартайгаа золголоо. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 48 мянган төл хүлээж аваад байна.