Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

586

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бол завханчуудын хувьд ёстой л баастай бурхан. Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. Монголын залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэр үү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор. Гэхдээ өнөөдрийг хүртэл та бид түүний энэ бүх өнгөлөн далдлалтанд хууртагдаж ирсэн байх бөгөөд завханчуудын цаг үргэлжийн бэрхшээл болсон Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км замын бүтээн байгуулалтыг зогсоосон, гацаасан, бүүр мөнгө олох, шамшигдуулах хэрэгсэл болгосон нууцаас нь дэлгэрэнгүй хүргэе. 
Авлигатай тэмцэх газарт бөглөж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ тэрбээр үзээд өгье гэсэн ч олигтой эд хөрөнгөгүй, ядруухан нэгэн. Олон жил аймгийн Засаг дарга хийж, УИХ-ын гишүүний алба хашсан атлаа 65 саяар үнэлэгдэх ганц байр, 16 сая төгрөгийн хадгаламжтай гээд бод. Тэгсэн хэрнээ хөрөнгө бэл нэхэж, шаарддаг улс төрийн хатуу шалгуурт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлээд байгаа гэж бодохоор чухам хэнээсээ, юунаасаа санхүүжилт авч, улс төр хийгээд байна вэ гэдэг асуултын хариуг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас нэхэх ёстой юм.
 
 
Тэр дундаа Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ хандив авах замаар УИХ-ын сонгуулийн зардлаа бүрдүүлж, түүнд нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав аль хэдийн 100 сая төгрөг намдаа өгсөн гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн энэ ч бус нэмээд тэрбээр хамгийн багадаа 401 сая төгрөгийг УИХ-ын сонгуульд зарцуулж таараа. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Завхан аймагт зарцуулагдах зардлын төсөв бөгөөд албан бус зардал үүгээр хэмжигдэхгүй нь тодорхой. Гэтэл УИХ-ын дэд дарга маань хувийн бизнесгүй. Гэр бүлийнх нь жилийн орлого 70 орчим сая төгрөг. Хадгаламжийнхаа 16 сая төгрөгийг авлаа, авлаа гээд энэ нь сонгуулийн зардлынх нь таван хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр эндээс хардах өнцөг аандаа ургаж таараад байгаа юм. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ямар мөнгөөрөө сонгуульд өрсөлдөөд байна вэ гэж. 
 
 
 
Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. “Монголын залуучуудын холбоо”-ноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэрүү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор.
 
Хачирхалтай нь, энэ асуултын хариулт түүнээс тунчиг холгүй олдсон бөгөөд төрсөн охиныхоо гэр бүлийн компаниар дамжуулан мөнгө олдог, олборлодог, олсноороо сонгуульддаг байж таарсан юм. Тэрхүү мөнгөний эх үүсвэр нь “Өгөөдэйн зам” ХХК. Энэ компани 2009 онд байгуулагдсан бөгөөд анхандаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан түүхтэй. АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд 2013 оноос хойш гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж буй том охиных нь нөхөр Б.Тогтохбаяр уг компанийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд С.Золзаяагийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор бичигдсэн байдаг.
Гайхалтай нь, энэ компани 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр үйл ажиллагааныхаа чиглэлийг зам талбайн тохижилт хийх, авто зам, замын байгууламжид засвар арчлалт хийх гэдгээр нэмсэн байх бөгөөд  2014 ондоо шууд Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг авсан байгаа юм. Гэтэл энэхүү зам нь энгийн нэг уртын шугамд баригдах авто зам биш бөгөөд эргэлт тойрог ихтэй, огцом өсөлттэй гээд уулын хамгийн хүнд нөхцөлтэй замд орох бөгөөд олны мэддэгээр Загастайн нурууны зам юм. Улаанбаатарыг Завхантай холбодог замын хамгийн хүнд хэцүү хэсэгт тооцогддог энэхүү Загастайн давааны зам хаагдаж, хөл хоригдох нь түгээмэл байдаг бөгөөд завханчуудын нэн тэргүүний хүсэл нь энэ замыг засах, авто замтай болгох явдал байдаг нь ч үнэн. Харамсалтай нь, тэрхүү хүсэл дээр нь дөрөөлөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж нэг сонгогдоод, засч байна гээд охиныхоо компаниар дамжуулан мөнгө олборлоод явж байх нь зөв үү. 
 
 
 
 
Энэхүү учрыг нотлох баримтыг сөхөх нь ээ, “Өгөөдэйн зам” ХХК нь 2015 онд уг замыг тавих нэрээр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол 2016 онд 15 тэрбумыг авсан байх юм. Энэ гүйлгээ Хөгжлийн банкнаас тухайн цаг үедээ гарсан ч харин зам нь байхгүй. Уулын хүнд нөхцөлтэй, хэцүү хатуу байна гэх шалтаг шалтгаан хэлсээр замын ажлыг орхисон байдаг бөгөөд өдгөө ухсан нүх, овоолсон шороо, хагас хугас суурилуулаад орхисон далан л үлдсэн байх юм. Аа, харин энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж ярьсан хэвээрээ л. Хамгийн гутамшигтай нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Улиастай Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км замын ажил энэ намар эхлэх боломж муу байгаа учраас энэ намар, өвлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зам засварын ажлыг гvйцэтгэх шаардлагатай болоод байна.
 
Загастайн давааны замаар зорчиж байгаа иргэн бүр хоёр дахин илүү цаг зарцуулж, 2-3 дахин илүү зардал гаргаж хохирч байгаа учраас энэ замыг бүх нийтийн хvчээр богино хугацаанд засч сайжруулахын тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 8-14 хоногийн хугацаанд техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулахаар шийдвэрлээд байна. Загастайн давааны зам засварын ажилд хамгийн багаар тооцоход 153,8 сая тегрег шаардлагатай байгаа тул олон нийтэд хандан сайн дурын үндсэн дээр сэтгэлийн дэм болгож хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээн завханчуудаасаа хандив гуйж, 90 сая төгрөг босгон Загастайн давааны замыг 2016 онд засч байсан удаатай. Гэтэл санхүүжилт авсан, үүрэг хүлээсэн “Өгөөдэйн зам” ХХК нэг ч ажил хийгээгүй байх бөгөөд өнөөдөр ч Загастайн давааны зам нөгөө л янзандаа. Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав наашаа харж инээгээд, цаашаа харж завханчуудаа, Завхан аймгаа мөнгө олборлох уурхай болгон ашигласан хэвээр. Энэ бүхнийг нотлох дараагийн баримтууд ширээн дээр өрөөстэй байх бөгөөд хувьдаа бизнесгүй, олж хураасан хөрөнгөгүй атлаа улс төрд дархлагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байж болох ойр дотны найз нөхөд нь Завхан аймагт зарласан тендер бүрийг хувийн өмч шиг санаан зоргоор хүртэж ирсэн тухай баримтуудыг дэлгэх болно оо. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn