Загастайн давааны зорчих хэсгийг нээжээ
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Загастайн давааны зорчих хэсэг хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө цас их хэмжээгээр орж шуурснаас болж хаагдсаныг нээгээд байгаа талаарх мэдээллийг Пирамид проект ХХК-аас өглөө.
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн нийт нутгаар цас орж шуурсан бөгөөд Загастайн давааны орчимд 20см цас орж хунгарлан хоёрдугаар сарын 12-ны оройны 22.00 цагаас хоёрдугаар сарын 13-ны өглөөний 10.00 цаг хүртэл хөдөлгөөнийг түр хязгаарлаж давааны орчимд боогдсон байсан 10 гаруй автомашиныг автогридрээр хусаж зам гаргаж хөдөлгөөнийг чөлөөлсөн байна.
Загастайн давааг хариуцагч компани болох Пирамид Проект ХХК-ийн найман хүн автогридр, ковш зэрэг гурван техниктэй шуурхай ажиллаж давааны замыг нээжээ. Өчигдөр Улиастайгаас хуваарийн дагуу зорчдог хот хоорондын автобусууд замд гараагүй бөгөөд өнөөдөр өглөө Улиастайгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн хэвийн явж эхэлжээ.
Пирамид проект ХХК нь Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн А1102 замын 100км зам, Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн А1103, зэрэг нийт 600 гаруй км замыг хариуцан ажилладаг аж. Хөдөлгөөний эрчимтэй үе болон шаардлагатай тохиолдолд Загастайн давааны замын арчлалтыг жилийн турш шуурхай хийдэг ажээ.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж шуурна гэж цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. Тиймээсхүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Ийм учраас жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг уриалж байна гэв.