Алс газраас сүсэглэмээр Ар Бадархундага

767

Бадархундага нуур гэхээр хүн бүр мэдэх байх. Төрийн тахилгат их хайрхан Отгонтэнгэрийн өвөр бэлд орших тус нууранд хүмүүс хүсэл мөрөөдлөө шивнэж мөнгө аяга хийдэг юм билээ. Харин тэгвэл тус хайрханы ар талд байх Ар Бадархундага нуурыг тэр бүр хүн мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Өвөр Бадархундага нуур Завхан аймгийн Отгон сумын нутагт байрладаг бол миний бичих нуур бол хайрханыхаа ар тал буюу тус аймгийн Алдархаан сумын нутагт харьяалагддаг юм билээ.
Завхан аймгийн Улиастай хотоос чанх баруун тийш Богд голоо өгссөн шороон замаар 45 километр автомашинаар явж Их, Бага Даян хайрхан дээр бид хүрч очсон юм. Тус газар нь байгалийн цогцолборт газар бөгөөд зорьж очсон хүмүүс ихэнхдээ бага Даян дээр нь гарч Отгонтэнгэр хайрханд мөргөж, амьдрал ахуй, хүсэл мөрөөдлөө даатгадаг аж. Том, том үхэр хадтай огцом өгсүүр газраар мацсаар Даян ууланд гарна. Зам зуур “хосоор ургадаг” вансэмбэрүү цэцэг том чулуудын доогуур нуугдах мэт ургасан нь цэцгийнхээ гоо үзэсгэлэнтэй төгс зохицох мэт. Даян хайрханы оройгоос харахад Отгонтэнгэр хайрхан үнэхээр ширүүн догшин төрхтэй уул ажээ. Миний мэдэх цасан тольтой ээжийг минь санагдуулдаг уул биш аж. Очирваань хэмээн тахигдсан их хайрханыг тойроод есөн нуур байдгийн дөрөв нь Даян дээрээс нүдний өмнө ил харагдана. Алдархаан сумандаа мал маллан амьдарч байгаа н.Ням-Осор ахаар газарчлуулан тэдний морьдоор хөл залгасан бид Даян хайрханаас буун Богд голоо өгсөн бартаа саадтай замаар явлаа. Ар Бадархундага нуурын тухай нутгийнхан ч бараг мэддэггүй байсан ч ойрын хэдэн жил нисдэг тэрэг, том машин хөлөглөсөн томчууд хаа нэг ирэх болжээ. Уг нь бол Отгонтэнгэр хайрхан их тахилгаа энэ талаасаа авдаг ч Манжийн дарлалын үед хутагт хувилгаадууд Ар нуурыг нууцалж өвөр талаас нь тахилга хийж ирсэн гэж нутгийнхан ярилцдаг байна. Богд гол том хавтгай чулуу ихтэй, ширүүн урсгалтай гол аж. Номхон, бүдүүн морьд нь шилэгдсээр надад саарал соёолон үрээ таарсан юм. Сумын наадамд уягдаж байсан үрээ учраас олон морьдын толгойд явахаар урагш тэмүүлсэн хөнгөн хөлтэй үрээ байсан ч Богд голын хавтгай чулуунд халтираад хоёулаа бүрэн норлоо. Голын нөгөө захаад гараад нойтон хувцасаа мушгиж буцаан өмсөөд “Усанд унасан хүн борооноос айдаггүй”-г ярин инээлдэж явлаа. Уулын жалга, гуу бүрээс хоржигнотол урсах цэнгэг устай горхи Богд голыг тэтгэнэ. Нар мандахтай зэрэгцэн хөдөлсөн бид үд хэвийсэн үед зорьсон газраа хүрээгүй л явлаа. Гэлээ гээд замаасаа буцалтай биш гэлцэн явтал хангай нутгийнхаа эзэн савдаг нь бид шүү гэх шиг тайван идээшлэх бугын сүрэгтэй таарлаа. Тэдгээр амьтдын гоо үзэсгэлэн, төрсөн сэтгэгдэлийг ийм зүйл харсан хүмүүс л мэдэх биз ээ.
Аян замынхаа өлзий билэгтэйг ярилцан явсаар нар уулын орой таширлахтай зэрэгцэн Ар Бадархундага нуурынхаа дэргэд ирлээ. Үнэхээр үгээр илэрхийлж боломгүй гоо үзэсгэлэнг харж зогсоход ийм л нутагт төрж өссөндөө өөрийн эрхгүй бахархана. Ар Бадархундага нуур Отгонтэнгэрийнхээ яг ар бэлд байх бөгөөд мөнх цасаас эхээ авдаг бололтой. Харин өөрөө Богд голыг тэтгэн байх ажээ. Биднийг очиход хайрханы оройгоор борооны үүл нэг хуралдаж, нэг сарнисаар яг оройд нь жаргаж буй нар туяагаа тусгаж байгалийг сайхныг улам тодотгосон юм. Нуурын захаар ширдэг шиг ургасан арц тэргүүтний үнэр хамар цоргино. Отгонтэнгэрийн арц хэмээн сүслэж, өөрийгөө ариулж явснаас өөрөө дээр нь гишгиж, байгалийн хурц үнэрийг нь мэдэрч зогсох юм гэж төсөөлсөнгүй явжээ. Хад асга нургилсан их уулсын дунд оюу номин өнгөтэй нуур мэлтийн их усны мандалд загас үсрэн тоглоно. Байгалийн сайхныг бусдад ярьж, болж өгвөл өөр бусдад нь үзүүлмээр санагддаг ч энэ л нуурын эрэгт зогсохдоо олон хүн л битгий мэдээсэй гэж өөрийн эрхгүй бодож байлаа. Хангайн нурууны ноён оргил, арван гурван Алтайн хамгийн отгон нь болох Отгонтэнгэр хайрханы Ар Бадархундага нуурыг алс холоос сүсэглэж, сэтгэлдээ хайрлаж явмаар тийм л ариун дагшин, онгон зэлүүд, үзэсгэлэн төгс газар ажгуу.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn