Идэр сумын цэцэрлэгийн хүүхдүүд монгол ёс заншлаас суралцаж байна
Идэр сумын хүүхдийн цэцэрлэг монгол ёс заншлын өргөөг нээж, 28 нэр төрлийн эд зүйлээр баяжуулжээ.
Манай цэцэрлэг нь хүүхэд нэг бүрийг ардын ёс заншлаас суралцсан. Тэдний авьяас, чадвар сонирхлыг нь дээдлэн бүтээлч үйлээр хөгжүүлэх. Багш бүр ээлжит хичээлийн бэлтгэлийг чанартай боловсруулж үр дүнг нь эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотой төлөвшүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 гаруй хувьтай,138 хүүхэд дөрвөн бүлэгт суралцаж байна. 2021 онд монгол ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх. Монгол үндэстнээрээ бахархах үйлийг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор “Монгол ёс заншлын өргөөг” байгуулсан. Энэ өргөөг тохижуулах ажлыг багш, ажилчид өөрсдийн санаачилгаар гарын доорх материал ашиглан 28 нэр төрлийн эд зүйлээр баяжуулан тохижууллаа. Энэ өргөөнд бүлэг бүрийн хүүхдүүд өдөрт хоёр цагийн сургалтыг явуулдаг. Тухайлбал монголын уламжлалт тоглоом наадгайн үүсэл, түүх домог, тоглох арга барилыг суралцана. Мөн мэндлэх, хүндлэх ёс, монголын уламжлалт хувцас хэрэгслийн ёс жаягийг хүүхдүүд багаасаа мэддэг болоод буй.
Цар тахлын үед цэцэрлэгийн багш нар өөрсдийгөө хөгжүүллээ
Цар тахлын үед цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулж байна. Багш нар мэдээлэл харилцааны технологийг сургалт үйл ажиллагаандаа өргөн ашигладаг болсон. Багш бүр сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдол гаргахгүйгээр цахимаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтыг нэг жилийн турш явуулсан. Цахим хичээлийг олон төрлөөр боловсруулж хүүхдэд хүртээмжтэй, сонирхолтой, үр өгөөжтэй, хүүхэд өөрөө үйлийн эзэн байж, илүү ихийг сурч, танин мэдэх интерактив хичээлүүдийг явуулж байна. Ингэхдээ camtasia, viva video, kinemaster, photo shop зэрэг программуудыг ашиглан сургалтыг явууллаа. Эцэг эхчүүдтэй хамтарсан сургалт явуулсан нь цахим хичээлийг илүү үр дүнтэй болгосон. Цар тахлын үед цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим сургалтын хамралт 80 орчим хувьтай байв. Харин малчдын сургуулийн өмнөх боловсролыг тасралтгүй явуулахын тулд долоо хоногт 2-3 удаагийн цахим хичээлийг бичлэг болгож малчдад хүргүүлж байв. Түүнчлэн багш нар цар тахлын үед өөрсдийгөө хөгжүүлэх олон талын ажилд идэвхтэй оролцож багагүй амжилт үзүүллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын 275 дугаар цэцэрлэгээс зохион байгуулсан “Цахим хичээл-Чадварлаг багш” уралдаанд багш Т.Энхзаяа амжилттай оролцсон. Мөн НҮБ, аймгийн БСУГ-аас зохион байгуулсан “Хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан” эсээ бичлэгийн уралдаанд багш, туслах багш нар амжилттай оролцож багш Д.Батмөнх дэд байранд шалгарсан. Завхан гол Хяргас-Нуурын сав газраас зохион байгуулсан “Усны үнэлэмж, үнэ цэнэ” видео хичээлд багш М.Цэрэнханд, Д.Батмөнх, И.Энхцэцэг нар оролцож тусгай байр эзэллээ.
Хүүхдийн цэцэрлэг худалдааны бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалздаг
Идэр сумын хүүхдийн цэцэрлэг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хүүхдүүдийг эрүүл, тэжээллэг хоолоор хангаж байна.
Манайх жил бүр өөрсдийн ногооны талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоог тариалж ургац авдаг. Мөн байгалийн зэрлэг жимс нэрс, үхрийн нүд, хад, аньс зэрэг жимсийг багш ажилчид өөрсдөө түүж, хүүхдүүд жилийн турш байгалийн зэрлэг жимсний шүүсийг уудаг. Түүнчлэн тогооч нар талх гурилан бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, өөрсдийн гараар тарх, нарийн боовыг хийдэг. Түүнчлэн гэрээт малчдаас сүү цагаан идээг худалдан авч жилийн турш сүү цагаан идээгээр хүүхдүүдээ хооллохоос гадна чийрэгжүүлэх ажлыг хийдэг. Багш ажилчид өөрсдийн хөрөнгөөр цэцэрлэгийнхээ зарим тохижилтыг хийх, гадна талбайдаа явган хүний зам тавьж, цэцэрлэгийн гадна талбайг цэцэрлэгжүүлэх, үхрийн нүд, чацаргана, монос, шар хуайс зэрэг мод бутыг тарьж өнгөрсөн намар багагүй ургац авсан.
Ер нь цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл, чанартай, тэжээллэг хоол хүнсээр хангахын тулд аль болох бэлэн, худалдааны бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалздаг. Манай сум бол аймагтаа сүү цагаан идээгээрээ алдартай, байгалийн зэрлэг жимс жимсгэнийн нутаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс орон нутагтаа байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаж, эрүүл хоол хүнсийг шинээр нь хэрэглүүлэхийг зорьдог. Энэ жил цэцэрлэгийн ногооны талбайд багш, ажилчид эцэг эхчүүд хамтарч хүнсний ногооныхоо нэр төрлийг нэмж, тариалалтын хэмжээг ахиулан тарина. Мөн нэмэлтээр байгалийн зэрлэг жимс жимсгэнийг түүж бэлтгэх, хүүхэд эрүүл агаарт сурч хөгжих тоглоомын талбайг өргөтгөн байгуулж тохижуулах. Мод, цэцгийн мандал шинээр нэмж байгуулж 100 ширхэг модыг тарьж ургуулах гэх мэтчилэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Идэр сумын Хүүхдийн цэцэрлэгээс тус тус мэдээлэв.
/Идэр сумын цэцэрлэгийн багш нар өөрсдийн хүчээр гадна талбайгаа тохижуулжээ/
/Идэр сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1968 онд байгуулагдсан.2013 онд 120 хүүхдийг стандартын барилгатай болж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн ажиллаж байна/