Завхан аймаг БНХАУ-д 2234 халзан цагаан хонь хандивлахаар болжээ
Завханы малчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж 2234 халзан цагаан хонь хандивлахаар болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тус шийдвэрийг гаргахаас өмнө Завхан аймгийн 24 сумын 116 багийн дарга малчдаасаа санал авснаар дээрх тооны хонийг хандивлахаар болжээ.
Батламжид “Эрхэм Ерөнхийлөгч таны БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд Монголын ард түмний чин сэтгэлийн өргөл болгон 30000 хонь хандивласныг Завхан нутгийн ард иргэд баяртайгаар хүлээн авч дэмжиж байна. Бид малчин түмнээсээ асууж, малчдынхаа саналыг сонссоны үндсэн дээр мөнхийн хөрш БНХАУ-д 2234 толгой халзан цагаан хонь бэлгэлэхээр шийдвэрлэснээ ард иргэдийнхээ өмнөөс танд уламжилж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан нарын гарын үсэг бүхий батламж хүргүүлжээ.