Цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахаар хэлэлцэж байна
Тус аймагт ковид-19 халдварын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, нийгмийн баталгааг хангах чиглэлээр зөвлөлдөж байна.
Аймгийн Засаг даргын “Чадварлаг эмч” арга хэмжээний хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Завхан аймагт 2022 онд эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага ямар байх. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх. Тус салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд ажилчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлохоор хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын санаачилгаар “Ковид-19 халдварын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эмч мэргэжилтнүүд саналаа солилцсон үр дүнтэй зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төвүүдийн төлөөллүүд оролцсон байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, эм ханган нийлүүлэх байгууллага, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс төлөөлөгчид оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд тус аймгийн хэмжээнд нийт эрүүл мэндийн салбарын 110 байгууллагад 1136 эмч, ажилтан ажиллаж байна. Харин 50 эмнэлэг, 50 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулж байна.