Дөрвөд, хотгойд, баяд ястнуудын тоо өсжээ
Завхан аймагт амьдардаг суурин хүн амын дөрвөд, хотгойд, баяд ястан 2010 оны тооллогоос хойш 32-57 хүнээр өсжээ.
Завхан аймгийн Статистикийн хэлтсээс сонирхолтой статистик мэдээллийг олон нийтэд зориулж мэдээлдэг уламжлалтай. Энэ удаад аймгийн хэмжээнд амьдардаг суурин хүн амын үндэс угсааны талаарх сонирхолтой мэдээллийг өгч байна.
“Хүн амын тоо” гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ.
Харин бэлэн хүн ам гэдэг нь тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт хүн амыг буюу байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч хэлнэ. Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлдог.
Тухайлбал дөрвөд, хотгойд, баяд ястан нь 32-57 хүнээр 2010 оны тооллогоос өссөн бол казах, мянгад, барга ястан 18-32 хүнээр цөөрсөн байна. Аймгийн суурин хүн амын 99.2 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 0.1 пунктээр буурсан байна.
Аймгийн нийт хүн амын дотор халх 99.2 хувь, дөрвөд 0.2 хувь, баяд, захчин, торгууд, өөлд, хотгойд ястан 0.1 хувийг эзэлж байна. Дөрвөдүүдийн 25.0 хувь, казах ястны 35.7 хувь, баяд ястны 32.5 хувь нь аймгийн төв Улиастай суманд оршин сууж байгаа бол өөлд ястны 40.0 хувь нь Их-Уул суманд, хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна гэв.
Эх сурвалж: montsame.mn |