ЗАВХАН: Цэцүүхийн тахилын онгоны тухайд
Их-Уул сум 3.8 мянган га газар нутагтай, 6.0 мянга гаруй хүн амтай, Завхан аймгийн томоохон сумын нэг төдийгүй түүх соёлын дурсгал ихтэй. Өдгөө тус суманд Бумбатын амны булш, хиргисүүр, Зулзагатын амны буган чулуун хөшөө, Овголжийн хүн чулуун хөшөө, Овоотын хүннү булш, Хөх хясааны буган чулуун хөшөө, хиргисүүр, Хүүшийн амны хүн чулуун хөшөө гэхчлэн улс, орон нутагт бүртгэлтэй түүх соёлын дурсгалт 10 гаруй газар бий. Эдгээрээс онцлон Цэцүүхийн тахилын онгоны тухай мэдээлэл хүргэж байна. Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Идэрийн голд цутгах Цэцүүхийн голын хөндийд, Түрэгийн үеийн түүхэнд холбогдох мэлхий чулуут тахилын онгон бий.
Их-Уул сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд, Хонгор багийн нутаг Цэцүүхийн бэлчир хэмээх газарт, төв замын урд талд мэлхий чулуу болон 180 гаруй зэл чулуу бүхий тахилын онгоны цогцолбор оршдог. Анх 1982 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын ангийн хайгуул, судалгааны хүрээнд Г.Мэнэс, В.Войтов нарын судлаачид малтан судалжээ. Ингэж судлахдаа онгоны бүтэц, зохион байгуулалт, он цаг, учир холбогдлыг тодруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн энэхүү дурсгалыг судлан шинжлэх ажилд археологич Н.Сэр-Оджав, В.Е.Войтов, В.В.Волков, Г.Мэнэс, В.В.Свинин, Р.С.Васильевский, түрэг судлаач С.Г.Кляшторный зэрэг олон эрдэмтэн оролцон ажиллаж байжээ. Харин 1999 онд Монгол-Японы археологийн судалгааны анги Цэцүүхийн дурсгалыг хайгуулын журмаар үзэж судлах явцдаа эртний түрэгийн руни бичгийн дөрвөн тэмдэгт бүхий дээврийн ваар илрүүлэн олсон байна.
Бас нэгэн сонирхолтой баримтыг дурдвал, Монгол, Түрэгийн харьцуулсан судлал, эртний түрэг уйгурын хэл соёл түүх болон орчуулгазүйн чиглэлээр ажилладаг МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимын дэд профессор Б.Аззаяа 2019 онд Эртний Түрэг, Уйгурын түүх археологи, хэл соёлын судалгааны чиг хандлагадсудалгаа хийжээ. Энэ судалгаанд: “Монголын руни бичгийн дурсгалыг илэрч бүртгэгдсэн газар орны байрлалд нь тулгуурлан баруун, төв, умард, өмнөд болон зүүн бүсийн хэмээн ангилан үзэж болно. Тус судалгаанд баруун бүсэд хамаарах Завхан аймгийн нутаг дахь руни бичгийн хоёр бага дурсгалын талаар тухайлан авч үзэв. Зүрийн овооны бичээс (Тэсийн бичээс) хэмээх тамга бүхий энэхүү хадны бичээс нь үсгийн толгойг тонгоруулан бичсэнээрээ онцлогтой аж. Харин Цэцүүхийн бичээс нь дээврийн нөмрөг ваарнаа зурчмал аргаар үйлдэгдсэн дөрвөн тэмдэгт бүхий дурсгал юм” гэж тэмдэглэжээ.